2024.05.20 - 2024.05.24

ОНЦЛОХ ИШЛЭЛ

“Ирээдүйгээ таамаглах хамгийн сайн арга бол түүнийг бүтээх юм."

- Питер Дракер

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,901.78 нэгжид хүрч, 0.63 хувийн өсөлттэй хаагдлаа. Нэг ажиллагчид ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2024 оны 1-р улиралд 4.4 сая төгрөг болж, өмнөх оноос 217.2 (5.1) мянган төгрөгөөр өссөн байна. Томсгосон 4 салбараар авч үзвэл, нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2024 онд өмнөх оны мөн үеэс уул уурхай олборлолтын салбар өссөн бол үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, хөдөө аж ахуйн, салбарт тус тус буурсан байна. Энэ бууралт нь ажиллагчдын тооны өсөлтөөс хамааралтай байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх DJIA индекс 2024 оны 4-р сараас хойш хамгийн хүчтэй долоо хоногийн уналтаа өнгөрөгч долоо хоногт үзүүллээ. Тодруулбал, тус индекс нь өнгөрөгч долоо хоногт 2.33 хувийн уналттай хаагдлаа. Харин технологийн компаниудын жин их дарсан NASDAQ Composite индекс 1.41 хувийн өсөлттэй байлаа. Энэ нь S&P 500 индексэд багтах компаниудаас зах зээлийн үнэлгээгээрээ гуравдугаарт эрэмбэлэгдэж буй NVIDIA компанийн тайлан сайн гарсан болон тус компанийн хувьцаагаа хуваах (1:10) шийдвэр гаргасантай холбоотой байлаа. NVIDIA компанийн хувьцааны ханш тус өдөх буюу Пүрэв гарагт 9.3 хувь өссөн юм. Бидний хувьд АНУ-ын хувьцааны зах зээлийг үргэлжилсэн өсөлтөө хадгалах боломжтой гэж үзэж байна. Учир нь хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны салбарыг дагаж чип үйлдвэрлэл болон технологийн салбарын хувьцаануудын ашигт ажиллагаа өндөр байх төлөвтэй байна. Мөн Холбооны нөөцийн сангийн Мөнгөний хумих бодлогын цикл дуусаж, тэлэх бодлого баримталж эхлэх гэж буй тул хувьцааны зах зээлийн өсөлт үргэлжлэх боломжтой гэж үзэж байна. 


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Европын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.45 хувь, FTSE 100 индекс 1.22 хувийн тус тус уналттай хаагдлаа. Английн 4-р сарын инфляцын түвшин 3.2 хувиас 2.3 хувьд хүрч буурлаа. Энэ нь сүүлийн 3 жилийн хугацаанд дахь хамгийн доод түвшин болж байна. Английн төв банк 2024 оны 6-р сараас эхлэн бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байна.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.36 хувь, TOPIX индекс 0.11 хувийн тус тус уналттай хаагдлаа. Япон улсын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх 5-р сарын үйлдвэрлэлийн PMI 49.6 - 50.5-д хүрч өслөө. Харин үйлчилгээний салбарын PMI  54.3 - 53.6-д хүрч буурлаа. Уг үзүүлэлтийг дийлэнх эдийн засагчид хэвийн үзүүлэлт гэж үзэж байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын Засгийн газар уналтад өртөөд буй үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжихээр түүхэн бодлогын шийдвэрийг авч хэрэгжүүлэхээр болсон билээ. Гэсэн хэдий ч тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.07 хувь, CSI 300 индекс 2.08 хувь тус тус бууралттай хаагдлаа. БНХАУ-ын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн салбарынхаа эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд орон сууц анх удаа ипотекийн зээлээр худалдан авч буй иргэдийнхээ урьдчилгаа төлбөрийн харьцааг 5%-иар бууруулж 15%, хоёр дахь удаагаа орон сууц худалдан авч байгаа иргэдийн урьдчилгаа төлбөрийн харьцааг 25% болгож бууруулсан. Мөн орон сууцны зээл олголтыг нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчит банкнуудад 300 тэрбум юанийн бага хүүтэй зээл олголт хийх бодлогын шийдвэрийг гаргаад байгаа юм.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.47%-д хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) 
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж сүүлийн 11 жилд анх удаа 1 хувьд хүрлээ. 
  3. Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.68 хувиас 7.21 хувийн хооронд байна.

    Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 13.20 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 9.34 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 12.35 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна

    Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

 2024.05.22


Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/81 тоот тушаалаар бүртгэгдсэн "Эм Жи Эл Акуа" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 174 /нэг зуун далан дөрвөн/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 87,555,616 /наян долоон сая таван зуун тавин таван мянга зургаан зуун арван зургаа/ ширхэг энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 21-ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.


Дэлгэрэнгүй

"ГОВИЙН ӨНДӨР" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

 2024.05.22


"Говийн өндөр " ХК-ийн хувьцаа эзэмшигч Паньд овогтой Батбаяр нь Компанийн тухай хуулийн 56.2 дахь заалт, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалт, Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах ажиллагааны тухай журмын 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргасан байна.


Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

ДНБ I улиралд ₮16.5 их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өсөв

 2024.05.20 


Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт улсын хэмжээнд оны эхний улиралд өмнөх улирлаас эрчимжиж, 7.8 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний улиралд оны үнээр 16.5 их наяд төгрөг, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 6.1 их наяд төгрөг болжээ. Өсөлтийг уул уурхайн олборлолт болон тээврийн салбарын үзүүлэлтүүд голлон бүрдүүлсэн байна. 


Дэлгэрэнгүй

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эрчимжиж, хэрэглэгчийн зарцуулалт саарав

 2024.05.20 


БНХАУ-ын хэрэглэгчийн зарцуулалт дөрөвдүгээр сард 2.3 хувиар өссөн нь 2022 оноос хойших хамгийн сул өсөлт болсны сацуу орон сууцны үнийн уналт эрчимжжээ. Нөгөө талд экспорт өсөж, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эрчимжсэн нь тус улсын сэргэлт жигд бус байгаагийн бас нэг нотолгоо болов.


Дэлгэрэнгүй